Биеийн юмны мөчлөгөөр Жирэмсний болон Төрөлтын хугацаа тодорхойлох аргууд

Биеийн юмны мөчлөгөөр Жирэмсний болон Төрөлтын хугацаа тодорхойлох аргууд

Бусдад түгээгээрэй

Сарын тэмдгээр: Сүүлийн сарын тэмдгийн эхний өдрийг лавлаж асууна. Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэг дууссан өдрөө хэлдэг. Хэрэв сарны тэмдэг 7 хоног үргэлжилдэг эмэгтэй байвал жирэмсний хугацааг 7 хоногоор алдаж тооцоолно. Мөн сарын тэмдэг үргэлжилсэн хугацааг асууна. Жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн 30%-д нь үр хөврөл умайн хөндийд орж ирж умайн хананд бэхлэгдэх үед сарын тэмдэгтэй төстэй 1-2 хоног бага хэмжээтэй үзэгдэх төдий цус гардаг. Энэ үе хүлээгдэж байсан сарын тэмдэг ирэх хугацаатай давхцдаг. Үүнийг үр хөврөл умайн хөндийд бэхлэгдэх үеийн цус гаралт гэх ба жирэмсэн эхчүүд үүнийг сүүлийн сарын тэмдэг гэж андуурдаг бөгөөд энэ тохиолдолд жирэмсний хугацааг 1 сар буюу 4 долоо хоногоор алдана. Сарын тэмдгийн 28 хоногийн мөчлөгөөр тооцож, жирэмслэлт дунджаар сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс хойш 280 хоног буюу 40 долоо хоног, өндгөн эс гадагшласанаас хойш 266 хоног үргэлжилнэ гэж үздэг ба үүнийг Негелийн дүрэм гэж нэрлэдэг.

Хүүхдийн хөдөлгөөн: Хүүхдийн хөдөлгөөн анх мэдэрсэн хугацаагаар жирэмсний хугацааг ойролцоогоор тодорхойлж болно. Анхны жирэмсэн эмэгтэйд 18-20 долоо хоногтой, давтан жирэмсэн эмэгтэйд 16-18 долоо хоногтой үед ихэвчлэн мэдрэгдэнэ. Гэхдээ энэ хугацаа хувь хүний онцлогоос хамаарч ихээхэн хэлбэлзэнэ.

Ургийн зүрхний цохилт: Жирэмсний 20 хоногтой үеэс УЗЦ стетоскопоор сонсогдож эхэлнэ.

Умайн хэмжээгээр тодорхойлох: 1 сартай жирэмсэн тахианы өндөгний хиртэй, 2 сартай бол галууны өндөгний хиртэй, 3 сартай бол нярай хүүхдийн толгой юм уу эрэгтэй хүний атгасан гарын чинээ хэмжээтэй байна. 4 сартай жирэмсэн үед умайн ёроол хүйс умдагны хооронд, 5 сартай үед хүйснээс доош 2 хуруу байна.

Ургийн уртыг олох Гаазе-ын томъёо: Жирэмсний 5 сар хүртэл хугацаанд ургийн урт нь жирэмсний сарыг квадрат зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү байна. Харин 6 сартай үеэс хойш ургийн урт нь жирэмсний сарыг 5-аар үржсэнтэй тэнцэнэ. Ургийн жинг бодвол урт нь харьцангуй тогтвортой үзүүлэлт байдаг.

Умайн ёроолын өндрийг хэмжих: Жирэмсний 22-32 долоо хоногтой үед умайн ёроолын өндрийг сантиметрээр хэмжсэн хэмжээ жирэмсний хугацаатай тохирно. Үүний тулд умдаг ясны дээд ирмэгээс умайн ёроолын орой хүртэл туузан метрээр хэмжинэ. Хэвийн үед энэ хэмжээ 2см-ээр хэлбэлзэж болно. 2смээс дээш хэлбэлзвэл хэвийн биш гэж үзэж онош тодруулна. Жишээ нь: 24 долоо хоногтой жирэмсний умайн өндөр 24см байна. Умайн ёроолын өндөр 7 хоногт ойролцоогоор 1см-ээр нэмэгдэнэ. Ихэр жирэмсэн болон ус ихдэх үед умайн ёроолын өндөр 7 хоногт 2см-ээс илүү нэмэгдэнэ. Ургийн өсөлт саатах үед умайн ёроолын өндөр 2см-ээс илүү багасна. Давсаг шээстэй байх, ургийн толгой доор байрлах нь умайн ёроолын өндөрт нөлөөлдөг тул хэмжилт хийхдээ анхаарна.

Үр тогтсон өдөр: 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн дунд үе буюу 14 дэх хоногт өндгөвчнөөс өндгөн эс гадагшлах ба энэ үед ихэвчлэн үр тогтдог. Иймээс сарын тэмдэг ирсэнээс хойш 14 хоногт ихэвчлэн жирэмсэн болно. Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эс 24 цаг амьд байж үр тогтоох чадвартай байх ба эр бэлгийн эс эмэгтэй хүний биед 72 цаг үр тогтоох чадвартай байдаг. Гэхдээ сарын тэмдгийн мөчлөгийн урт болон өндгөн эс гадагшлах хугацаа хэлбэлзэлтэй байж болно. Заримдаа янз бүрийн шалтгаанаар өндгөн эс эрт, эсвэл бүр хожуу гадагшилах тохиолдол байна.

ЭХО: Жирэмсний эхний 3 сартай үед үр хөврөл болон ургийг хэт авиан шинжилгээнээр маш сайн зөв хэмжих нь жирэмсний хугацааг зөв тодорхойлох, батлах хамгийн зөв арга болно.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: Эмэгтэйчүүдийн их эмч Б. Бауыржан


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан