Хэзээ Яаралтай тусламж дуудах вэ?

Хэзээ Яаралтай тусламж дуудах вэ?

Бусдад түгээгээрэй

Яаралтай тусламж гэж юу вэ?

Бидний хэлж заншсан яаралтай тусламж буюу Эмнэлгийн яаралтай тусламж гэж “Хүний амь насанд аюултай өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг”  хэлнэ.

Яаралтай тусламжийг ямар байгууллагаа үзүүлэх вэ?

Эмнэлгийн яаралтай тусламжийг тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлнэ.

Яаралтай тусламж дуудахад иргэд маань юу анхаарах ёстой вэ?

Дуудлага өгч буй хүн нь үнэн, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Үүнээс гадна гэртээ дуудаж байгаа бол гэрийн хаяг нь бичээстэй байх нь маш чухал  юм. Худал эсвэл хэтрүүлэн ярьж дуудлага өгөхгүй байх учир нь яаралтай тусламжийг үзүүлэхдээ амь насанд нь учирч буй эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчээс эхэлж үзүүлэх эрэмбэлэлтийн зарчим баримтална.

Яаралтай тусламж авсан бол төлбөр төлдөг үү?

Донтолт, архидалт, мансуурлаас үүссэн гэмтэл, хордлогын оношилгоо, эмчилгээнээс бусад тохиолдолд үнэ төлбөргүй байдаг. Харин эмнэлэгт хийгдсэн оношилгоо, эмчилгээний мөнгийг иргэн хариуцах болно.

Яаралтай тусламжийг ямар дарааллаар үзүүлэх вэ?

Үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх цаг хугацаа, цар хүрээний хувьд  эрэмбэлэн ангилан тусламж үйлчилгээ үзүүлэн.

Тэгвэл яаралтай тусламжийн эрэмбэлэл гэж юу вэ?

Яаралтай тусламжийн эрэмбэлэл гэдэг нь үйлчлүүлэгчийн амь насанд учирч буй эрсдэлээс хамаарч үзүүлэх эмнэлгийн тусламжийн цаг хугацааны болон цар хүрээний чухлын зэрэглэлийг хэлнэ. Яаралтай тусламжийн эрэмбэлэл нь үйлчлүүлэгчийн өвчнийг оношлох бус биеийн байдлыг үнэлэх зарчимд тулгуурлана. Товчхондоо дуудлага өгсөн хүний яриаг үндэслэн тусламж үзүүлдэг гэсэн үг. Тиймээс дуудлага өгч буй иргэн хариуцлагатай байх нь маш чухал юм.

Яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг эмч ба сувилагч хүлээн авч, түүний биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг үндэслэж бодит үзлэг, ажиглалт хийж дараах үндсэн 4 зэрэглэлээр эрэмбэлнэ.

Эрэмбэ 1 буюу нэгдүгээр зэрэглэлд хамаарах шинж тэмдгүүд:

Амь нас эрсдэх, амин эрхтэний үйл ажиллагаа зогсох аюул шууд заналхийлсэн, эмнэлгийн сэхээн амьдруулах хойшлуулшгүй тусламжийг 2-5 минутын дотор үзүүлж эхлэх шаардлагатай тохиолдлууд хамаарна. Энэ бүлгийн үйлчлүүлэгчид улаан өнгийн тууз зүүж ялгана.

Уг эрэмбэд хамрагдах эмнэлзүйн хам шинжүүд. Үүнд:

  • Ухаангүй, өвтгөхөд мэдрэнэ,
  • Зүрхний цохилт минутанд <40 эсвэл> 180,
  • Амьсгал боогдсон, хаагдсан,
  • Амьсгалын тоо 1 минутанд <8 эсвэл> 50;
  • Артерийн систолийн даралт <60 эсвэл> 200 мм.рт.ст,
  • Таталттай,
  • Орчиндоо аюул учруулж болзошгүй сэтгэцийн гүнзгий хямралтай.

Эрэмбэ 2 буюу хоёрдугаар зэрэглэлд хамаарах шинж тэмдгүүд:

Амин эрхтэний үйл ажиллагаа ноцтой алдагдсан, цаашид амь нас эрсдэх өндөр магадлалтай үйлчлүүлэгчид эмнэлгийн яаралтай болон эрчимтэй эмчилгээг 10 минутын дотор үзүүлж эхлэх. Энэ бүлгийн үйлчлүүлэгчид шар өнгийн тууз зүүж ялгана.

Уг эрэмбэд дараах эмнэлзүйн хам шинжүүд хамаарна.  Үүнд:

  • Ухаангүй, дуудахад сэргэнэ эсвэл догшрол;
  • Амьсгал бачуурч хяхнасан;
  • Амьсгалын тоо 1 минутанд <9-10 эсвэл> 35-49;
  • Арьс зэвхийрч эрээнтсэн, хөл гарын үзүүр хүйтэн;
  • Зүрхний цохилт 1 минутанд <41-50 эсвэл> 141-179;
  • Цусны эргэлтийн дутагдлын гаралтай артерийн систолийн даралт  унасан <61 -75> мм.рт.ст;
  • Цус их алдсан;
  • Зүрхний орчимд цээжээр өвдөх;
  • Гэнэтийн гемипарез;
  • Халуурч ухаан алдсан, татсан;
  • Нүдэнд хүчил шүлт орсон
  • Хүнд бэртэл гэмтэл;
  • Маш хүчтэй өвдөлт;
  • Нойрсуулах болон хортой эм ууж хордсон, ухаангүй;
  • Хүчтэй өвдөлттэй умайн гаднах жирэмслэлт;
  • Өөртөө болон бусдад аюултай сэтгэцийн догшин байдал, хурц
  • Солиорол эсвэл эмгэг сэтгэхүй.

Эрэмбэ 3 буюу гуравдугаар зэрэглэлд хамаарах шинж тэмдгүүд:

Аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны ээнэгшилт алдагдаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 30 минутаас 1 цаг хүртэл хугацаагаар хүлээх бололцоотой тохиолдлуудыг хамруулна. Энэ бүлгийн үйлчлүүлэгчид ногоон өнгийн тууз зүүж ялгана.

Уг эрэмбэд дараах эмнэлзүйн хам шинжүүд хамаарна. Үүнд:

  • Орчиндоо харьцаа суларч, самуурсан;
  • Амьсгал давхцан уухилсан, шуугисан;
  • Амьсгалын тоо 1 минутанд <11-14 эсвэл> 24-34;
  • Зүрхний цохилт 1 минутанд <51-60 эсвэл> 111-140;
  • Артерийн систолийн даралт огцом ихэссэн 150-179 мм.рт. ст;
  • Дунд ба хөнгөн зэргийн цус алдалт;
  • Ухаан алдалтгүй, биеийн булчингийн зарим хэсгийн таталт;
  • Шингэн алдалт;
  • Хүчтэй өвдөлтүүд, анальгетик шаардлагатай;
  • Эрсдэл багатай эсвэл 65-аас дээш насныхны хэвлийн цочмог
  • өвдөлтүүд;
  • Мөчдийн гэмтэл, битүү гэмтэл;
  • Амьсгалын дутагдалгүй цээжний гэмтэл, гадны биетээр үүссэн    
  • аспираци
  • Толгойн хөнгөн гэмтэл;
  • Үе хавдаж бүлээн болох;
  • Бариу чиг, гөлтгөнө тавигдсан байдал
  • Мөчдийн хураагуур судасны лугшилт гэнэт алга болсон;
  • Гадны биетийн улмаас нүд үрэвссэн, хараа хэвийн;
  • Суулгалт, бөөлжилт;
  • Сэтгэл хямарсан, амиа хорлохыг завдсан, сандарч тэвдсэн (үг дуугүй)
  • Сэтгэц зан төрхийн бусад өөрчлөлтүүд

Эрэмбэ 4 буюу дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах шинж тэмдгүүд:

Аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны ээнэгшилт алдагдаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг 1 цагаас дээш хугацаанд тусламж, үйлчилгээ үзүүлэх бололцоотой тохиолдлуудыг хамруулна. Энэ бүлгийн үйлчлүүлэгчид цагаан өнгийн тууз зүүж ялгана.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж:

  • Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 сарын 30-ны өдрийн  А/485 дугаар тушаал
  • Сангын сайд, Эрүүл мэндийн сайдын 264/А/293 дугаар хамтарсан тушаал

Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө