Нярайн цусархаг өвчин

Нярайн цусархаг өвчин

Бусдад түгээгээрэй

Бүх нярайн 0.25-0.5%-д ажиглагдана.

Шалтгаан

Нярай хүүхдийн элэгний уураг нийлэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүйгээс К-амин дэмээс хамааралтай цус бүлэгнэлтийн  II,VII,IX,X  хүчин зүйлсийн хэмжээ насанд хүрэгсдийн хэмжээний 40-60%-тай тэнцүү байдаг ба амьдралын эхний хоногуудад бүр ч багасдаг.К-амин дэм эхэсээр маш муу нэвтэрдэг тул ураг,нярайн К-амин дэмийн хэмжээ бага байдаг нь цусархаг өвчин үүсэх гол шалтгаан болдог.

Ангилал:

Нярайн цусархаг өвчнийг 3 ангилдаг ба бүгд К-амин дэмийн хомсдлоос үүсдэг.Үүнд:

  • 1.Эрт илрэлтэй – цусархаг шинж тэмдэгтэй амьдралын эхний 24 цагт илэрнэ.
  • 2.Сонгодог хэлбэр – цусархаг шинж тэмдэг амьдралын нэгээс долоо хоногтойд илэрнэ.
  • 3.Хожуу илрэлтэй – цусархаг шинж тэмдэг 2-6 долоо хоногоос заримдаа 6 сар хүртэл илэрнэ.

Эмнэлзүй:

Эрт илрэлтэй нярайн цусархаг өвчний үед арьсаар цусархаг тууралт гарах ялангуяа түрүүлсэн хэсэгт кефалогематом, тархинд цус харвалт үүсдэг. Хүнд бүтэлт, төрөлтийн гэмтлүүд цусархаг өвчин үүсэхэд нөлөөлдөг. Мөн уушгинд цус харвах, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай зэрэг дотор эрхтэнд цус харвах, шулуун гэдсээр цус алдах шинжүүд илэрч болно.

Сонгодог хэлбэрийн үед цустай баах, цустай бөөлжих, арьсаар цусархаг тууралт гарах, хүй, хамраас цус алдах, кефалогематом үүсдэг. Хүнд бүтэлт, төрөлтийн гэмтлийн үед тархи, дотор эрхтэнд цус харвалт үүсдэг.
Хожуу хэлбэрийн цусархаг өвчин үүсэхэд ужиг суулгалт, цөсний сувгийн төрөлхийн битүүрэлт, элэгний үрэвсэл, цөс зогсонгиших, өргөн үйлчилгээтэй антибиотик хэрэглэх зэрэг нь нөлөөлдөг.

Оношлогоо:

Оношийг асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээний үндсэн дээр тавина. Нярайн цусархаг өвчний үед протромбины хугацаа, тромбопластины парциаль хугацаа уртасна. Фибриноген болон бусад цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд, ялтсан эсийн хэмжээ өөрчлөгдөхгүй.

Эмчилгээ:

Хөхний сүүгээр хооллоно. К1-аминдэм 1 мг судсаар буюу булчинд тарина. Манайд К3-аминдэм (викасол) элбэг хэрэглэдэг бөгөөд К3 нь К1-ийг бодвол үр дүн муутай. К3-аминдэмийг гүйцэд нярайд 5 мг, дутуу нярайд 2-3 мг-аар тооцож 12 цагийн зайтай тарьж хэрэглэнэ. Шулуун гэдсээр цус алдаж байгаа тохиолдолд 0,5%-ийн гидрокарбонат натрийн уусмал 5 мл өдөрт 3 удаа уулгах ба 5%-ийн ЕАКК-ын уусмал 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Их хэмжээний цус алдалт, цус багадалтанд хүргэсэн давтан цус алдалтын үед шинэ цус (даршлаад 2-оос илүү хоноогүй), шинэ хөлдөөсөн сийвэн 10-20 мл/кг жинд тооцож дуслаар хийнэ.

Урьдчилан сэргийлэлт:

Төрөх өрөөнд нярай хүүхэд бүрт К-аминдэм тарина. К1-аминдэмийг дутуу нярайд 0,5 мг, гүйцэд нярайд 1 мг тарина. К3-аминдэмийг дутуу нярайд 2-3 мг, гүйцэд нярайд 5 мг тарина.

Цөсний сувгийн битүүрэлтээс үүдсэн шарлалт, өргөн үйлчилгээтэй антибиотик авч буй болон судсаар хооллож байгаа дутуу нярайд 5 хоногт 1 удаа К-аминдэм тарина.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан