Нярайн тархины цус харвалт

Нярайн тархины цус харвалт

Бусдад түгээгээрэй

Тархины цус харвалт нярай хүүхдэд цөөнгүй тохиолддог. Энэ нь нярайн эндэгдлийн зонхилох шалтгаан болж, улмаар хүүхдийн тархины саажилт, оюуны хомсдол, хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийг тахир дутуу болгоход хүргэдэг эмгэг юм.

Шалтгаан.

  1. Төрөлтийн гэмтэл
  2. Ураг, нярайн хүчилтөрөгчийн дутлаас үүдсэн тархины эмгэгшил
  3. Эхийн хэвлийд болон төрсөний дараа үүссэн үжил халдвар
  4. Цусархаг хам шинж

Гэмтлийн болон гэмтлийн бус гаралтай цус харвалтын харьцаа 1:10 байдаг.

Ангилал.

  1. Тархины хатуу бүрхүүлийн гаднах цус харвалт
  2. Тархины хатуу бүрхүүлийн доорх цус харвалт
  3. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт
  4. Тархины ховдолд цус харвах
  5. Тархины эдэд цус харвах

Тархинд цус харвалтын эмгэг жам, эмнэлзүйн шинж тэмдэг, тавилан, шалтгаан, түүний байрлалаас хамаарах боловч эмнэлзүйн нийтлэг шинжүүд ажиглагддаг. Үүнд:

  • Хүүхдийн биеийн байдал гэнэт муудах, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах буюу хэт цочромтгой болох
  • Уйлах дуу өөрчлөгдөж, орчны харьцаа сулрах
  • Зулай чинэрч овойх
  • Нүдний эмгэг хөдөлгөөн ажиглагдах
  • Дулаан зохицуулалтын хямрал
  • Вегетовисцераль өөрчлөлтүүд /биеийн жин, гэдэс дүүрэлт, гулгилт, амьсгаадах, зүрхний цохилт/
  • Псевдобульбар болон хөдөлгөөний өөрчлөлтүүд /залгиж чадахгүй болох, толгойгоо гэдийлгэх, саажилт/
  • Татах
  • Булчингийн хүчдэл өөрчлөгдөх
  • Цус алдалтын дараах цус багадалт үүсэх
  • Бодисын солилцооны өөрчлөлтүүд
  • Хүүхдийн биеийн байдлыг муутгаж, тавиланд нөлөөлж болзошгүй бусад өвчнүүд хавсрах

Эмнэлзүй.

  • Тархины хатуу бүрхүүлийн гаднах цус харвалт
    • Гавлын яс, хатуу бүрхүүлийн хооронд цус харвах бөгөөд тархины заадсаас хэтэрч гардагггүй. Цөөнгүй тохиолдолд кефалогематомтай хавсарч явагдана. Нууц үе 3-6 цаг байна. Үүний дараа тархи дарагдсаны шинжүүд илэрнэ. Хүүхэд тайван бус болж, биеийн байдал түргэн муудаж, 24-36 цагийн дараа оврогод орно. Онцлог шинж нь гэмтсэн талын хүүхэн хараа 3-4 дахин өргөснө. Нумарч, чичирхийлж татна, цус харвалтын эсрэг талд саажилт үүснэ. Үе үе амьсгал түгжирч, зүрхний цохилтын тоо цөөрч, цусны даралт багасна. Нүдний угт харааны мэдрэлийн судлын өөрчлөлт ажиглагдана.
    • Мэс заслын эмчилгээ шаардлагатай.
  • Тархины хатуу бүрхүүлийн доорх цус харвалт
    • Шалтгаан нь судасны гэмтэл. Цус харвалтын эсрэг талд саажилт үүснэ. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай хавсарч тохиолдоно.
    • Тархины овооны дээрх, доорхи гэж 2 ангилна. Эмнэлзүйн шинж нь цус харвалтын байрлал, хэмжээнээс хамаарна. Тархины овооны дээд хэсэгт цус харвасан бол 2-4 хоногийн дараа тархины даралт ихэсч, тайван бус болж, их зулай чинэрч, тархины заадсууд сална. Хүүхэд толгойгоо гэдийлгэх ба цус харвасан талын хүүхэн хараа өргөсч, Грефийн шинж, таталт ажиглагдана. Цус харвалт нэмэгдэхийн хирээр хоёрдогч бүтэлт, таталт гүнзгийрч зүрхний цохилтын тоо цөөрч, оврогод орно.
    • Тархины овооны дор буюу гавлын арын хөндийд цус харвасан бол төрсөн цагаас биеийн байдал маш хүнд, толгой гэдгэр, хөхөж залгиж чадахгүй, бүх бие хөшиж татна. Нүдний аяга хөвж хөдлөх, нистагм өгөх, зовхио нээхгүй байх зэрэр нүдний шинж тэмдгээс гадна булчингийн хүчдэл  өөрчлөгдөж, рефлекс дарангуйлагдаж, амьсгалын хэм алдагдах шинжүүд илэрнэ.
  • Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт
    • Энэ нь тархины зөөлөн бүрхүүлийн судас гэмтсэнээс үүснэ. Ихэвчлэн зулай, чамархайн хэсэгт байрладаг бөгөөд цус харвасан хэсэгт халдваргүй үрэвсэл үүсч, улмаар сорвижиж, нугасны усны эргэлтийг саатуулдаг.
    • Эмнэлзүйн шинжүүд шууд болон хэд хоногийн дараа илэрч болно. Хүүхэд их цочромтгой болж, биед үл мэдэг хүрэхэд л цочин сарвалзаж, үе үе часхийж орилно. Удаан хугацаагаар нүдээ анивчихгүй том харж хэвтэнэ. Царай түгшүүртэй болж, булчингийн чангарал ажиглагдана. Нярайн рефлексүүд өөрчлөгдөнө. Чичирхийлэл болон таталт, нистагм илэрнэ. Толгойн тойргийн хэмжээ нэмэгдэж, заадсууд сална. Цусан дахь билирубины задралаас арьс шарлана.
  • Тархины ховдлын цус харвалт
    • Дутуу нярайд элбэг тохиолдоно. Гол шалтгаан нь тархины хүчилтөрөгч-цусан хангамжын дутагдал. 1500 граммаас доош жинтэй нярайн 20-40%-д, 1000 граммаас доош жинтэй нярайн 50-60%-д тус тус тохиолдоно. Тархины хэт авиан зураглалаар нь ховдлын цус харвалтыг 4 зэрэгт хуваана.
      • Тархины ховдол тойрсон, хязгаарлагдсан цус харвалт
      • Тархины ховдол дотор цус харвасан байх боловч ховдлын хэмжээ хэвийн байна.
      • Тархины ховдлын хэмжээ томорч, цусаар дүүрсэн байна
      • Тархины ховдлууд өргөсч, тархины эдэд цус харвасан байна.
    • Цочмог үе хэдэн минутаас 2-3 хоног хүртэл үргэлжилнэ. Өвчтөнд цус багадалтын шинжээс гадна булчингийн хүчдэл сулрах, рефлекс дарангуйлагдах, хөхөж чадахгүй болох шинжүүд илэрнэ. Зүрхний цохилт эхэндээ олширч, дараа нь цөөрнө. Хүүхэд үе үе огцом орилж, нумалж, татна, гар хөлөө савчуулж хөдөлнө. Хүүхэд нүдээ ховор анивчина, гэрлийн нөлөөнд хүүхэн хараа сул хариу үйлдэлтэй.
    • Онцлог шинж нь хүүхэд хажуугаараа толгойгоо гэдийлгэн хэвтэх ба байрлал өөрчлөхөд амьсгалын хэм алдагдана.
  • Тархины эдэд цус харвах
    • Жижиг голомтот цус харвалтын үед хүүхдийн биеийн байдал сул, булчингийн хүчдэл, нярайн рефлексүүд сул илэрнэ. Гулгилт, грефийн шинж, нистагм, чичирхийлсэн таталт илэрнэ. Тогтмол бус голомтот өөрчлөлтүүд гарна. Их хэмжээний цус харвалтын үед харц гөлийн, нүдээ ховор анивчина, булчингийн хүчдэл, рефлексүүд эрс сулрах буюу арилна. Хүүхэн хараа өргөсч, чичирхийлэл, таталт илэрч тархины хаван үүснэ.

Оношлогоо.

  • Асуумж тодорхой авах
  • Эмнэлзүйн үзлэг
  • Лабораторийн шинжилгээ
  • Нугасны усны шинжилгээ
  • Нүдний уг харах
  • Тархины хэт авиан шинжилгээ
  • Компьютер томографи
  • Бактериологийн шинжилгээ
  • Тархины рентген зураг
  • Дархлааны шинжилгээ
  • Цусны хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг үзэх

Эмчилгээний ерөнхий зарчим.

  1. Эргэлдэх цусны хэмжээг хэвийн болгох. Энэ зорилгоор ижил бүлгийн цус, альбумин, хөлдөөсөн шинэ сийвэн хийнэ.
  2. Цус алдалтыг даруй зогсоох (Витамин К 1мг/кг, ЕАКК 5% 6мл/кг)
  3. Тархины даралт бууруулах (маннитол 15% 6мл/кг буюу 0.5-1гр/кг, лазикс 1% 0.1мл/кг)
  4. Таталтын эсрэг эмчилгээ (ГОМКК 20% 0.5-0.75мл/кг, седуксин 0.5% 0.04-0.1 мл/кг, магни сульфат 25% 0.5-0.8 мл/кг булчинд)
  5. Цусны бичил эргэлтийг сайжруулах (Допамин 3мкг/кг/мин хүртэл)
  6. Артерийн даралт хэвийн байлгах
  7. Эсийн сарьсыг бэхжүүлэх
  8. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт.

            Жирэмсний хяналтыг сайжруулах, өртөмтгий бүлгийн эхчүүдийг эрт илрүүлэн, ургийн архаг бүтэлтээс урьдчилан сэргийлж, төрөлтийн хүндрэлийг багасгах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн эмнэлгийн ажилтнууд нярайд анхдагч сэхээн амьдруулах арга хэмжээг цаг алдалгүй гүйцэтгэх мэдлэг, чадвартай байх ёстой.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан