Нярайн бүтэлт

Нярайн бүтэлт

Бусдад түгээгээрэй

          Амьд төрөлтийн бусад шинжүүд илэрч байвч хүүхэд амьсгалахгүй буюу амьсгалын хэм алдагдаж байхыг бүтэлт гэнэ. Бүтэлтийн үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, нүүрсхүчлийн хий нэмэгдэх ба эмгэг хүчилшил үүсдэг. “Asphyxia” гэдэг нь грекээр судасны лугшилт үгүй хэмээсэн үг бөгөөд бүтэлтийн мөн чанарыг тусгаагүй, оноогүй нэршил юм. Ураг, нярайн бүтэлт нь перинаталь, нярай болон нялхсын өвчлөл, эндэгдлийн голлох шалтгаан болдог.

Шалтгаан:                                

  1. Жирэмсэн үед
    1. Цусан дахь хүчилтөрөгчин хомсдолд хүргэдэг эхийн эмгэгүүд.   Жишээ нь: зүрх-судас, амьсгалын тогтолцооны хүнд өвчин, хүнд хэлбэрийн цус багадалт
    1. Эхэсийн цусны эргэлтийн өөрчлөлтөнд хүргэдэг хүчин зүйлс.     Жишээ нь: 4 долоо хоногоос илүү тээлт, эхэсийн үрэвсэл, ихэр ураг, эхийн чихрийн шижин, эхийн цусны даралт багасах
    1. Ургийн өвчнүүд. Жишээ нь: ургийн халдвар, нярайн цус задрах өвчин, янз бүрийн шалтгаантай тархины эмгэгшил гэх мэт
  2. Төрөлтийн үед
    1. Өгзөг болон бусад эмгэг түрүүлэлт
    1. Хүй хүзүүгээ чанга ороох
    1. Хүй унжих
    1. Богино хүй
    1. Эхэс ховхрох
    1. Эхэс түрүүлэх
    1. Төрөх хүчний сулрал
    1. Дутуу төрөлт
    1. Хийсвэр хагалгаа
    1. Ураг орчмын ус гараад 24 цагаас удаан хугацаа өнгөрөх
    1. Түргэн төрөлт /анхан төрөгч 4, давтан төрөгч 2 цагаас богино хугацаанд төрөх/
    1. Эх барихын ажилбарууд хийгдэх /хавчуур, вакум-татагч г.м/
    1. Ургийн толгойн хэмжээ аарцагны хэмжээтэй үл тохирох
    1. Эхэд наркозын бодис хэрэглэх
  3. Төрсний дараа
    1. Ураг орчмын шингэнээ залгих, түүнд цацах
    1. Уушгины эмгэгшил
    1. Тархи, нугасны гэмтэл
    1. Зүрх уушгины гаж хөгжил
    1. Халдварын болон цус алдалтын дараах цохиулалт

Эмгэг жам

            Цочмог бүтэлтийн үед бие махбодын хамгаалах нөөц дайчлагдаж, эд эсийн хүчилтөрөгчийн хангамжыг тогтворжуулна. Үүнд: глюкокортикоидын ялгаралт ихэсч, цусны улаан цогцосны тоо өсч, эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэнэ. Иймээс зүрхний цохилтын тоо олширч, агшилтын даралт бага зэрэг нэмэгдэнэ.

            Бүтэлт үргэлжлэхийн хэрээр агааргүй гликолиз идэвхжих ба цусны эргэлт төвлөрч, арьс, гэдэс, элэг, бөөрний дээд булчирхайн цусны урсгал сайжирна. Энэ нь нэг талаар амин чухал эрхтнүүдийн хүчилтөрөгчийн хангамжыг сайжруулахад чиглэгдсэн хамгаалах арга хэмжээ боловч нөгөө талаар эдийн хүчилшлийг гүнзгийрүүлж, бодисын солилцооны завсрын болон эцсийн бүрхүүлийн нэвчимтгий байдлыг нэмэгдүүлж, улмаар тархины хавагнашил, цаашилбал цус харвалтанд хүргэдэг.

            Хүнд буюу удаан үргэлжилсэн бүтэлтийн үед бие махбодын хамгаалах нөөц шавхагдаж зүрхний цохилтын тоо цөөрч, цусны даралт буурдаг. Энэ байдал бодисын солилцооны ба амьсгалын хүчилшилтэй хавсарч ихэнх эрхтэнг гэмтээнэ.

Ангилал

  1. Үүссэн хугацаагаар
    1. Анхдагч – ураг хөгжлийн болон төрөлтийн явцад бүтсэн
    1. Хоёрдогч – төрсний дараа үүссэн бүтэлт
  2. Хүйн цусны хүчил-шүлтийн тэнцвэрээр:
    1. Хөнгөн – pH 7.20-7.28
    1. Хүндэвтэр – pH 7.10-7.20
    1. Хүнд – pH 7.10-аас бага
  3. Апгарын үнэлгээгээр /төрсний дараах 1дэх минутанд/
    1. Хүндэвтэр – 4-6 оноо
    1. Хүнд – 0-3 оноо

Апгарын үнэлгээ – 1952 онд АНУ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч Вирджиния Апгар амьдралын 1 ба 5 дахь минутанд нярай хүүхдийн биеийн байдлыг үнэлэх шалгуур боловсруулсан. Амьдралын 5 дахь минутанд Алгарын үнэлгээ 7-с доош бол 5 минуь сунгаж үргэлжлүүлэн үнэлнэ.

Бүтэлтээс өөр шалтгаанаар нярайн амьсгал, зүрхний үйл ажиллагаа дарангуйлагдах явдал цөөнгүй тохиолдох учир Алгарын бага үнэлгээ бүрийг бүтэлттэй холбож болохгүй.

Эмнэлзүй

            Хүндэвтэр бүтэлт: Өвчний олон улсын ангиллын дагуу хүндэвтэр бүтэлтийн эмнэлзүй доорх шинжүүдээр илэрнэ. Үүнд:

  • Амьдралын эхний минутанд амьсгал тогтворжоогүй
  • Зүрхний хэм 1 минутанд 100-с дээш
  • Булчингийн хүчдэл буурсан
  • Цочролд сул хариулна
  • Төрсний дараах 1 минутанд Алгарын 4-6 оноотой байх

Хүндэвтэр бүтэлтийг хөх бүтэлт гэдэг. Төрөх үед хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, хөдөлгөөн идэвх, орчны харьцаа сул, нярайн физиологи рефлексүүд дарангуйлагдан, арьс хөхөлбөр боловч хүчилтөрөгч өгмөгц богино хугацаанд ягаарна. Хамар уруулын гурвалжин, гар хөлийн үзүүр хөхөлбөр байна.

            Чагнахад зүрхний авиа тод, зарим үед бүдэг байж болно. Зүрхний цохилтын тоо олширсон байна. Эхний амьсгал зогсолтын дараа амьсгал жигдрэх боловч үе үе санаа алдаж, хавирга хоорондын зай дотогш татагдах, богино хугацаагаар амьсгалаа түгжих зэрэг шинжүүд илэрнэ.  Чагнахад уушгинд сул амьсгалтай тогтмол бус нойтон хэржигнүүр сонсогдоно.

            Амьдралын эхний 2-3 хоногт хүүхэд цочромтгой, тайван бус, нойрондоо муу байхаас гадна гар, хөл, эрүүнд жижиг чичирхийлэлт, гулгилт, аяндаа үүсэх Морогийн рефлекс ажиглагдана. Зөв эмчилсэн тохиолдолд эдгээр өөрчлөлтүүд 3-5 хоногтойд арилна.

Хүнд бүтэлт: Өвчний олон улсын ангиллын дагуу доорх шинжүүдээр тодорхойлогдоно. Үүнд:

  • Амьсгал саадтай буюу амьсгалахгүй
  • Зүрхний цохилт 1 минутанд 100-аас цөөн
  • Арьс цонхигор
  • Булчингийн хүчдэл арилсан
  • Алгарын үнэлгээ амьдралын 1дэх минутанд 0-3 байна.

Хүнд бүтэлтийг цагаан бүтэлт гэнэ. Төрөх үед нярайн биеийн байдал хүнд буюу маш хүнд. Булчингийн хүчдэл, орчны харьцаа, хөдөлгөөний идэвх, физиологи рефлексүүд эрс дарангуйлагдсан байна. Арьс цонхигор, хөхөлбөр туяатай, хүчилтөрөгч удаан хугацаагаар өгсний эцэст ягаарна. Зүрхний авиа бүдэг, агшилтын шуугиан сонсогдож болно. Зарим тохиолдолд төрөлтийн явцад зунгаг нь гардаг. Биеийн байдал нь удаан сайжирна.

Өвчний явц: Бүтэлтийн явц нь тухайн нярайн ураг үеийн хөгжлийн нөхцөл, хавсарсан өвчин, тэдгээрийн хүндрэл, нярайн асаргаа сувилгаанаас хамаарна. Ялангуяа ургийн архаг бүтэлттэй байсан хүүхдэд хүндрэл элбэг тохиолдоно.

Хүндрэл:

  1. Эрт үед: Амьдралын эхний 7 хоногт ажиглагдана. Үүнд:         
    1. Төв мэдрэлийн тогтолцоо: Хүчилтөрөгч цусан хангамжын дутлаас үүссэн тархины эмгэгшил, тархины хаван, тархинд цус харвалт, таталт
    1. Уушги: Зунгаг, ураг орчмын шингэнд хахах, уушгины даралт ихсэх, уушгинд цус харвах, амьсгал хямралын хам шинж
    1. Зүрх-судасны тогтолцоо: Ургийн цусны эргэлт эргэж явагдах, эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэх буюу багасах, зүрхний хэм алдагдах, цохиулалт
    1. Бөөр: Бөөрний цочмог дутагдал, шээс ховордох, бөөрний судас бөглөрөх
    1. Элэг: Элэгний үйл ажиллагаа алдагдах
    1. Ходоод-гэдэс: Гэдэсний үхжилт үрэвсэл, гэдэсний саажилт, түгжрэл, гулгих, бөөлжих
    1. Бодисын солилцоо: Эмгэг хүчилшил, цусны чихэр, натри, магни, кальцийн багадалт
    1. Цус: К витамин, ялтсан эсийн дутал, судсанд цус түгээмэл бүлэгнэх хам шинж, цусны эс олшрох
    1. Дархлаа: Хоёрдогч дархлаа дутал
  2. Хожуу үед: Амьдралын 7 ба түүнээс хойш хоногт үүснэ. Үүнд:
    1. Халдвар
    1. Мэдрэлийн эмгэг
    1. Хүчилтөрөгч эмчилгээний хүндрэл

Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан